Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ШОГ ЗОХИОЛЧ, ЯРУУ НАЙРАГЧ ЦОГТЫН САЙННЯМБУУ

2021-04-23

ШОГ ЗОХИОЛЧ, ЯРУУ НАЙРАГЧ ЦОГТЫН САЙННЯМБУУ

     Шог зохиолч, яруу найрагч Цогтын Сайннямбуу 1948 онд буюу XVII жарны шороон хулгана жилийн хавар Засагт Хан аймгийн Цэцэн Сартуул хошуу, одоогийн Завхан аймгийн Сантмаргаз сумын нутаг Галуутайн голын хойд хөвөө, Зээргэнтийн шилд эхээс мэндэлжээ.

    1956 онд Сантмаргаз сумын бага сургууль, 1961 онд Цэцэн-Уул сумын 7 жил, 1966 онд Нөмрөг сумын 10 жил төгссөн. Мал маллаж эрийн цээнд хүрээд, 1967 онд цэрэгт мордож, Ховдын хязгаарт алба хааж байгаад ЗХУ-д сургуульд явж, 1968-1972 онд Тамбов хотын Цэргийн дунд сургуульд суралцаж төгсжээ. 1980 онд МУИС-ийн Авто инженерийн анги дүүргэж, авто-инженер механикчийн мэргэжил эзэмшсэн. Орос хэл сайтай, мэргэжлийн түвшний орчуулагч, бараг бүх төрөл сэдвээр орчуулга хийсэн байна. 

      Тэрээр 25 жилийг багшилсан, Хилийн цэрэгт цагдаагийн курс, НАХЯ-ны тусгай дунд сургууль (хожим Хилийн цэргийн дээд сургууль, Цагдаагийн академи болсон), Тээврийн яамны Автосургуульд багш, хичээлийн эрхлэгч, Архангай аймгийн Тээврийг удирдах газрын дарга болж, Нийслэлийн нийтийн тээвэрт хариуцлагатай ажил эрхэлж ирсэн байна. 

   Сэтгүүлч, зохиолчийн ажилд авьяас дур сонирхолтой, Монголын зохиолчдын Эвлэлийн гишүүн, Монголын нэрт шог зохиолч юм. 

     ‘‘Овоонд нэмсэн чулуу”, “Нутгаа санахын цагт”, “Монгол зоог”, “Аян замын тэнгэр”, “Ханхөхийн бэлээс эрдмийн оргил өөд”, “Гоёлоо өмссөн ээж” зэрэг уран сайхны нийтлэлийн, “Гавьяа оролцоо” шог өгүүллэгийн ном, “Автомашины цахилгаан тоноглол” сурах бичиг, “Ээжийн бор аяга", “Ээжээс эхтэй хорвоо”, “Давхиа морины хөлс” шүлгийн ном туурвиж, хэд хэдэн хамтын бүтээлд оролцож, олон ном нягтлан редакторлажээ. 

      Ц.Сайннямбуугийн дууны яруу найрагт ая эгшиг оруулсан “Ээжийн бор аяга”, “Ээж таныгаа үгүйлнэ би”, “Гоёлоо өмссөн ээж”, “Зуу наслаарай, ээж ээ”, “Гэнэн сэтгэл “ киноны дуу, “Хайрын дуу”, “Овоо нь өндөр хайрхан”, “Намирын гол”, “Хүнгийн гол”, “Заяаны хань”, “Тээвэрчин заяа”, “Хульжийн гол” зэрэг олон дуу түмний хүртээл болж, зарим нь клиптэй болжээ. 

     Ц.Сайннямбуу Монголын сонин хэвлэлд 200 гаруй өгүүлэл, тэмдэглэл, өгүүллэг, 50 гаруй орчуулга нийтлүүлж, 100 гаруй шог өгүүллэг, хошигнол бичжээ. “Монголын залуучууд”, “Тоншуул”, “Утга зохиол, урлаг” сонины тэргүүн бичлэгийн шагнал, “Өдтэй бичиг” сонины оны бичлэгийн шагналыг  гурван удаа хүртсэн байна. 

      Ц.Сайннямбуугийн уран бүтээлийг олны хүртээл болгож, орчин цагийн хүүхэд залуусын дунд түгээн дэлгэрүүлэх үүднээс үр хүүхэд, хань ижил, ахан дүүс нь хамтран уран бүтээлийнх нь чуулганы цуврал 5 ботийг гаргаж эхэллээ.  

  1. “Сартуул сайхан инээд” шог, хошин зохиолын чуулган. /2020 он/
  2. “Монгол ид шид, нууц увдис” Монгол эрдэм мэдлэг, суу билгийн гайхамшгийн чуулган. /2021 он/
  3. “Овоонд нэмсэн чулуу” Цэцэн сартуул хошууны түүх, нутаг усныхны тухай баримтат бүтээлийн чуулган. /2021 он/ 
  4. “Ээжийн бор аяга” дууны шүлэг найргийн чуулган. /2021 он/
  5. “Гоёолоо өмссөн ээж” яруу найраг, шүлгийн чуулган. /2012 он./ 2 дахь хэвлэл. 2021 он. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%