Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ АРДЫН ЖҮЖИГЧИН БЭГЗСҮРЭНГИЙН НОРОВСАМБУУ

2021-04-22

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ АРДЫН ЖҮЖИГЧИН БЭГЗСҮРЭНГИЙН НОРОВСАМБУУ

1948 онд Завхан аймгийн Сантмаргаз суманд төрсөн

1956-1958 онд Завхан аймгийн Сонгино сумын сургуульд суралцаж байгаад Улсын циркийн урилгаар Улаанбаатар хотруу шилжин 5-р дунд сургууль сургуульд суралцан 1966 онд төгссөн. МУИС-ийн англи хэлний анги төгссөн.

1959 оны шинэ жилээр циркийн манежид анх гарч, 1960 оноос мэргэжлийн жүжигчин болсон.  1960-1970 онд Монголын төдийгүй дэлхийн уран нугаралтын хамгийн шилдэг жүжигчний нэг болсон 

  • 1966 онд БНМАУ-ын гавьяат жүжигчин
  • 1971 онд БНМАУ-ын төрийн шагнал
  • 1980 онд БНМАУ-ын ардын жүжигчин

 

БӨМБӨРЦГИЙН БҮСЭЛХИЙ ДЭЭР ХӨЛ ТАВЬСАН БҮСГҮЙ

Зохиогч миний бие вээр Бэгзсүрэнгийн Норовсамбууг эртнээс мэдэх бүлгээ. Тэр дуу цөөнтэй, бодолхийлсэн номхон бор нүдтэй, аливаад няхуур нямбай болов уу гэмээр хүмүүн. Төрсөн эх Гарамжавын Бэгзсүрэнг танихгүй хүн манай нутагт цөөн биз. Бэгзсүрэн гуай хорь шүүрч явах залуу насандаа айлын бэр болж, хойтон жил нь газар дээр ганц охин төрүүлсэн нь Норовсамбуу бөлгөө. Залуудаа хийж чаддаг адтай, авхаалжтай гялалзуур хүүхнийг айл аймгийн ахан дүүс “сээтэн цагаан” хэмээн нэрийджээ.

ТЭР ӨГҮҮЛРҮҮН:

Аавдаа нь (түүний авгайлга) Сантынханд насаараа баярлах учиртай хүн. Миний ганц охин ороодог хүүхэд байлаа. Тэр Дэлгэр худгийн дэнж дээр “шар” Нямаа, Оосой  Амбаа, халзан Магсар, Дунгаа тавнан, Ишдорж Жидийнхэнтэй айл саахалт байхад зуны дунд сарын шинийн дөрвөнд төрж, Дааниа чавганц эх барьж авсан юм. Дөрвөн нас хүрсэн охиноо дагуулж төрхөмдөө буцаж билээ. Зандан, Балжаа, Гангаа, Лхагва гуай нар өдөрт ээлжээр “Цэнд-Аюуш” судар айлдаж байж тусалсан ачтангууд. Ямар сайндаа нэр алдартай жүжигчин болсон хойноо өвдөхөд нь нутагруугаа аваачвал эдгэхсэн болов уу гэхдээ эмнэлгээс оргуулан гаргаж, онгоцоор нисэх гэж байгаад баригдаж дуулиан дэгдээхэв. Тэглээ хэмээн намайг Сайд нарын эмнэлгийн хяналтаас хассан юмдаг. Би зээтэй болсон, түүнийг Санжаа гэдэг. Санжаагаа орхиод холхон ч явж үзээгүй. Түүнээс хөөрхөн хүүхэд хорвоод үгүй мэт бодогдоно. Зөнөж байгаа хэрэг болов уу даа, хүү минь гэлээ.

            Норовсамбуу Сонгино сумын бага сургуулийн 2-р ангиас хотод шилжин ирж, суралцахын сацуу циркийн сургуульд явжээ. Соёлын яамнаас бичиг шийтгэн өгч, Улаанбаатар очихыг санал болгосон нь их тус болжээ. Ингээд 1958 оноос одоогийн хуучин цирк дээр сургуулилтанд орж, УГЖ Мижигсүрэнгийн шавь болжээ. 1959 оноос дагалдан жүжигчин болж, 1960 онд мэргэжлийн жүжигчний шалгалтанд тэнцэж, зун нь Хэнтий аймгийн төвд “Цэцгэн дээрх цэцэг” уран нугаралтын бие даасан үзүүлбэрээ анх удаа тогложээ. 1961 онд Монголийн циркийн түүхэнд “Тэнцвэрт нугаралт”, “Хосолмол нугаралт”, “Ганцаарчилсан нугаралт”, агаарын гимнастикийн төрлөөр олон үзүүлбэр бэлтгэжээ. Чухам түүн шиг уран нугаралтын олон төрлөөр өндөр амжилт гаргасан жүжигчин цөөн юм. Циркчин 20 жил ажиллаад тэтгэвэрт гардаг бол Норовсамбуу 32 жил нугараад тэтгэвэр тогтоолгосон. Гучин найман насандаа хүү төрүүлээд “Хүний боломж” хэмээх үзүүлбэрийг биеэр туршиж, циркийн манежинд ахин гарсан зоригт бүсгүй. Ази, Европ, Африк, Латин Америкийн 38 орны тайзан дээр Монголын цирк түүний дотор хорвоод хосгүй монгол нугаралтыг үзүүлж “Азийн үегүй бүсгүй” хэмээн алдаршсан нэгэн. 1970-аад оны үед социалист орнуудын циркийн жүжигчидтэй Монголын талаас ганцаараа явж, өөртөө багш, хэлмэрч, санхүү баригч, жүжигчинээр ажиллаж Африкийн Конго, Алжир, Танзани, Этопи, Мали, Ангол зэрэг оронд тоглож, бөмбөрцгийн бүсэлхий дээр хөл тавьсан анхны Монгол бүсгүй.

            Эр зориг авьяас хийморь сорьсон эл үйлст түмэн бэрхшээл тохиолдохыг хэлэх нь илүүц хэрэг. Энэ тоглолтоор явж байхдаа нэг удаа уран нугаралтын үзүүлбэр гүйцэтгэх ширээгээ эргэдэг хазгай тайзан дээр хөл доор нь ивээс хийж тэгшлэхийг үйлчлэгч негрүүдээс хичээнгүйлэн гуйжээ. Гэвч нугарахаар тайзнаа гарахад хазгай ширээ угтав. Ширээнийхээ хөлийг өргөж, ивээс тавин тэгшлэхэд “Даанч яав даа” хэмээн гоморхол эрхгүй төрж, нүдний нь нулимс шалан дээр унаж байсан авч “Би чинь Монгол улсын нэрийн өмнөөс тоглож байна. Хар элгийн харь хүмүүст юунд гомдох билээ” гэсэн бодол төрөхөд өмнө нь Их Монголын элсэн шаргал манхан шаргалтан харагдаж, самган буурал ээж нь сүүгээ өргөн зогсох шиг болоход эрхгүй сэтгэлийн тэнхээ орж, толгойгоо дээш өргөхдөө инээмсэглэж чадсан билээ. Маш хүнд үзүүлбэрийг товчлон тоглох ёстой байснаа бүрэн хэмжээгээр нугарч тайзнаас бууж ирэхэд олон хэлний жүжигчид “Норовсамбуу чи жинхэнэ жүжигчин юм” гэцгээхэд “Энэ бол миний үүрэг” хэмээн хариулж билээ гэж ярилаа. 

/Ц.Сайннямбуу "Овоонд нэмсэн чулуу"  номноос

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%