Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

Завхан аймгийн Сантмаргаз сумын ИТХ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, ТҮҮХИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР МАГСАРЖАВЫН САНЖДОРЖ

2021-04-22

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, ТҮҮХИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР МАГСАРЖАВЫН САНЖДОРЖ

  • 1931 онд Завхан аймгийн Сантмаргаз сумын нутагт төрсөн
  • 1940-1944 онд сумын бага сургууль, 1944-1947 онд Улиастайн дунд сургууль, 1947-1951 онд Монгол улсын Их сургууль төгсөн түүхч, түүхийн багш мэргэжил эзэмшсэн.
  • 1961 онд “Халхад хятадын худалдаа мөнгө хүүллийн капитал нэвтэрч хөлжсөн нь” сэдвээр ЗХУ-ын Ленинградын их сургуульд түүхийн ухааны доктор\Ph.D\
  • 1974 онд “Хөдөлмөрчин ардын хувьсгалт ардчилсан диктатур\1921-1940\” сэдвээр Москва хотын Дорно дахины институтэд түүхийн шинжлэх ухааны доктор\Sс.D\
  • 1999 онд Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор шагнасан
  • Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 262 тоот тогтоолоор түүний төрсөн, сурч байсан Завхан аймгийн Сантмаргаз сумын дунд сургуулийг Магсаржавын Санждоржийн нэрэмжит болгосон юм.

ИХ МӨРНИЙ УРСГАЛ ДӨЛГӨӨН

Эртнээс сураг сонссон атлаа зүс үзээгүй нутгийн эрдэмтэнтэй уулзлаа. Тэр чийрэг бахимхан чацтай, бүлцгэрдүү нүдтэй, байн байн шилээ авч арчин дахин зүүж тун энгүүн бөгөөд товчхон тодорхой ярих юм. Нутгийн заншлаар мэнд усаа мэдэлцэж, хөөрөг зөрүүлэн тамхилах нь ёс заншлаа дээдэлдгийн нэгэн бололтой. Урьд өмнө түүний тухай бишгүйдээ нэг сонсож, түүхийн ухааны доктор профессор цолтой, нам төрийн эсрэг гэгдэх Төмөр-Очирын хэрэгт холбогдож явсан хэмээн мэдэх бөлгөө. Бидний яриа нутаг нугын тухай өрнөж, удам судраа мэдэлцсэний хойно илэн далангүй болж билээ. Тэр өгүүлрүүн: Ах чинь 1931 онд Мойвын дэнжид төрсөн хүн. Манай ээж Дэмбэрэлийхний удамд багтана. Эхийн эгч дархан Мишигийн гэргийг агсан Бүзмаа, дүү нь Баяр лам шүү дээ. 1940 оны тавдугаар сард сумын бага сургууль байгуулагдахад анхны сурагч байлаа. 1947 онд МУИС-д элсэж 2 жилийн бэлтгэл хийгээд, түүхийн ангид орсон. МУИС, УБДС-д багшиллаа. Ленинград хотноо 1961 онд ХVII зууны үеийн Монгол Хятадын эдийн засаг, худалдааны харьцааны асуудал сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалж, ШУА-ийн түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан болсон. 1974 онд Ардын төрийн түүх сэдвээр Москва хотноо ЗХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнд докторын зэрэг хамгаалсан. Гэр бүл багшийн мэргэжилтэй, таван охинтой, цөм дээд сургууль төгсөж айлд очсон. Зээ нар олонтой ийм л өвгөндөө гээд мишээлээ.

            Түүний намтар тун товчхон мөртөө нарийвчлан сонирхвол улс орон, дэлхий дахины үүх түүхтэй сэжим холбогдож өргөсөн дэлгэрэх ажгуу. Санждорж гуай Монголдоо төдийгүй гадаадад нэртэй том эрдэмтэн. Тэр их эрдэмтэн Б.Ринчин, Ц.Дамдинсүрэн, Б.Ширэндэв, Ш.Нацагдорж, Ш.Бирваа нартай эрдмийн зиндаа зэрэгцэн, ном хаялцаж явсан хүмүүн. Өмнөх төрд адлагдаж Д.Төмөр-Очирын бүлэгт хамрагдаж дээдэст халтай үнэн үг хэлсний төлөө 1958 онд намаас шийтгэл авснаа өдгөө хүртэл цагаатгуулаагүй, өөрийнхөө үзэл бодлын үнэнд итгэж явдаг байна. 1954 онд Дотоод яаманд байцаагдаж, Монгол Зөвлөлтийн харьцааг хэрхэн үнэлдэг, 1949 онд төмөр зам тавихад оюутан та нар юу ярьж байсан, нам төрийн удирдлагыг хэрхэн муулсан тухайгаа хэл! гэх асуултанд тулгагдаж байв. Гэтэл 1990 онд ардчиллын салхи сэвэлзэхэд их эрдэмтэн дэмжсэн авч, залуусын санаа зөв ч үйл ажиллагаа хуудуу даацтай биш болохыг сэрэмжлүүлсэн үг хэлснээс болж, хуучин намын үзэл сурталч хэмээн дахин өөрчлөгдөх болжээ. Аль ч төрд бүрэн нийцэн зохицохгүй нь Санждорж докторын сэтгэлгээ гүнзгий өөрийн гэсэн чиг бодолтойн шинж буюу, молхи миний бодохул өөгүй тэгш нийгэм, үзэл суртал, түүхийн үйл явц үгүйн учир нийгмийн хөгжлийн чиг бодлогыг хэн түрүүлж харсан нь мөнхий буруутан байж болох бөлгөө.

            Санждорж гуай Халхад Хятадын мөнгө хүүлэгч  худалдаа нэвтэрч хөгжсөн нь /XVIII зуун/, Ардын төрийн түүх эрдэм шинжилгээний ном бичиж, их дээд сургуулиудын түүхийн сурах бичгийг зохиолцсоны гадна Манж Хятадаас Ар Монголыг колончлон захирсан зэрэг хэд хэдэн бүтээл нь Англи хэлнээ хэвлэгджээ. Тэр бие даасан бүтээл 4, хамтын бүтээл 11, эрдэм шинжилгээний 100 гаруй өгүүлэл туурвиж, 24 бүтээл редакторлажээ.

            Их эрдэмтэн 1992 онд сумын иргэдийн уулзалтанд морилон ирэхэд, хошуу нутгийн түүхээ бичиж үлдээхийг гуйсан юм. Өдгөө цагийн хэвлэлийн бололцооноос шалтгаалж багахан хэмжээний атлаа тун чамбай, түүхийн чухал материал бүхий гарын авлага бичиж өгсөнийг миний бие ашиглаж, хайрласан зөвлөгөө юунд нь дулдуйдаж, эл номын түүхийн хэсгийг бүтээсэн билээ. Их мөрний урсгал дөлгөөн байдагчлан Санждорж докторын үг хэл найрамдуу, ярьсан хэлсэн оновчтой, баталгаа, судалгаатай нь хойч үеийн дүү нарт өвлөн авууштай өгөөж нандин чанар авай.  

/Ц.Сайннямбуу Овоонд нэмсэн чулуу” номноос/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1338
520 / 39%
424 / 32%
194 / 14%
200 / 15%